МАН-ын бүлгийнхэн хөлөө гэдсэндээ жийлцсэн хэвээр байна

МАН-ын бүлгийнхэн хөлөө гэдсэндээ жийлцсэн хэвээр байна
УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн Даваа гаригт ээлжит бусаар Их тэнгэрт хуралдах үеэрээ "Засгийн газраа тогтвортой ажиллуулахаар болж, гишүүд нь санал нэгджээ" гэх мэдээлэл цацагдсан ч эх сурвалж үгүйсгэлээ.  МАН-ын бүлэг 68 гишүүнтэй ч дээрх ээлжит бус хуралд 30 гаруй гишүүн л оролцжээ. Яг ч бас хурал гэж тодорхойлоход хэцүү, Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголтой холбоотойгоор саналаа хэлсэн уулзалт болсон байна.  Засгийн газраа тогтвортой ажилуулах ёстой гэх асуудал хөндөгдсөн ч уулзалтад оролцсон 30 орчим гишүүн нь бүгд 100 хувь дэмжээгүй. Үүнийг ч УИХ-ын гишүүн Э.Болормаа "Засгийн газрыг огцруулах асуудалд МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй" гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэнээс харж болно.
Мөн эх сурвалжийн мэдээллээр УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн хоёр хуваагдсан хэвээр байгаа аж. Иймээс хэзээ мөдгүй товлогдож мэдэх УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын хувь заяаг дэнсэлж мэдэхээр байна.
Намрын улс төрийг сөрөг хүчин эхлүүлэх нь тодорхой болсон.  Өнгөрсөн хавар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Н.Учралыг УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөх хүртэл чуулганд суулгүй, ирцээр бойкотолсон. Харин энэ удаа Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрыг огцруулахаар гарын үсгээ цуглуулж, УИХ-д шаардлагаа өргөн барихаар зэхэж байна.
Сөрөг хүчний зүгээс Засгийн газрын алдаатай бодлогын улмаас шатахууны хомсдол, үнийн өсөлт, төсвийн алдагдал бий болсон учраас огцрох ёстой гэдэг шаардлага тавьж байгаа юм.
Энэ талаар АН-ын дэд дарга Н.Ганибал  "Яагаад өнөөдөр шатахуун хомсдов, яагаад үнийн огцом өсөлт бий болов. Энэ бүхэн Засгийн газрын алдаатай буруу бодлого. Монголын төр өнөөдөр сүртэй, хүчтэй рийл хийсэн сүр Данзан даргатай боллоо. Ард нь ард түмний амьдрал доройтож байна. Ардын намд ч, Ардчилсан намд ч  эх орныхоо төлөө, зөв бодлогын төлөө явдаг улстөрчид байгаа. Тэр хүмүүс бол энэ Засгийн газар ажиллаж чадахгүй байгаа гэдгээ ярих байх. Чуулган эхэлмэгц манай бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барина, тэр үеэр хэлэлцүүлгүүд явна. Ер нь Монгол Улсаа зөв болгоё, зөв бодлого хэрэгжүүлдэг Засгийн газартай болъё гэж байгаа улстөрчид нийлээд Засгийн газраа огцруулах байх гэж бодож байна" гэдгийг хэлсэн.
Харин өнгөрсөн долоо хоногт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ерөнхий сайдыг огцруулах саналаасаа буцахгүй, 41 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байгаа. Засгийн газрын алдаатай бодлогын улмаас үнийн өсөлт, шатахууны хомсдол, төсвийн алдагдал энэ бүхэн бий болсон" гэж байр сууриа илэрхийлсэн билээ.
А.СҮРЭН