АТГ-аас Ж.Энхжаргаланг хамаарал бүхий компанидаа төсвөөс мөнгө шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үйлдлийг шалгаж тогтоожээ

АТГ-аас Ж.Энхжаргаланг хамаарал бүхий компанидаа төсвөөс мөнгө шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үйлдлийг шалгаж тогтоожээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын төлөөлөгч Ж.Энхжаргаланг албан тушаалын асуудалд холбогдуулан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. 

Тодруулбал түүнийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж томилгоо хийсэн, хууль бус мөнгөн шагнал олгосон, дураараа аашилсан хэмээн Авлигатай тэмцэх газраас тогтоожээ.

Мөн албаны эрх нөлөөг ашиглан тушаал шийдвэргүйгээр эдийн засгийн давуу байдал бий болгосон, үнэлгээний хороо байгуулж сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нийт 222.8 сая төгрөгийг нэр бүхий компанид шилжүүлж давуу байдал бий болгосон аж.

Ж.Энхжаргалан нь өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардалд гарсан төлбөрийг төрийн өмчит аж ахуйн нэгжийн төсвөөр төлүүлэх хэлбэрээр улсад 42.6 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон гэв. Тиймээс Эрүүгийн хуулийн 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл ангиар зүйлчлэн уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. 

Тэрбээр 2024-2025 онд Төв Цэнгэлдэх Хүрээлэн ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. 

IKON.MN