УУРХАЙН ТООС АМСАЖ ҮЗЭЭГҮЙ УДИРДЛАГУУД ЭТТ-Г "ЦӨЛМӨСӨН" ГЭВ
УУРХАЙН ТООС АМСАЖ ҮЗЭЭГҮЙ УДИРДЛАГУУД ЭТТ-Г "ЦӨЛМӨСӨН" ГЭВ
УИХ-ын Хянан шалгах түр хорооны Нүүрсний сонсголын хоёр дахь үе шат үргэлжилж байна. ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн шийдвэр гаргасан гишүүдээс ганцхан хүн ирсэн нь хараат бус гишүүн П.Өлзийнаран байна.
Тэрээр ярихдаа, “Би ТУЗ-д 2016 оноос хойш суусан. Уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжилтэй. ТУЗ-д сууж байсан том дарга нар маань ирээгүйд харамсаж байна. Мэргэжлийн хүний хувьд ТУЗ-д ороод маш их эмзэглэж байсан. Энэ том төслийг саалийн үнээ гэж үзвэл, ямар ч судалгаа шинжилгээ, сэтгэлгүйгээр ухаж ирсэн байсан. Яг л нинжа шиг. Анх орсон цагаасаа суурь судалгааны ажлыг эхлээч ээ, саалийн сүүтэй үнээгээ малын эмчид үзүүлж, вакцинд хамруулаач ээ гэдэг шаардлагыг байнга тавьдаг байсан. Үүний нэг нь нүүрс баяжуулах үйлдвэр юм.
Энэ нь том төслийн тогтвортой хөгжлийг хангах зориулалттай ажил байсан. Харамсалтай нь төсөлд саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид төслийн тогтвортой байдлыг хангах хөрөнгө оруулалт хийгээгүй. Нүүрс баяжуулах үйлдвэрийн нэмэлт гэрээг намайг ТУЗ-өөс гарсны дараа хийсэн байна. Уурхайн тоос амсаж үзээгүй хүн яаж тогтвортой хөгжил хангаад, төслөө ойлгох вэ дээ. Тиймээс ЭТТ ХК-ийн шаардлагатай хөрөнгө оруулалт бараг хийгдээгүй. 2012-2016 оны гэрээ, зарим материал устгасан гэж надад хэлсэн” гэв.
URUG VIDEO