"Анх 6000 хүний багтаамжтай баригдсан цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоог 12 мянга болгосон"
Үндэсний баяр наадмын тасалбар худалдаа цахимаар нээгдсэн даруйд дууссан талаар иргэд бухимдангуй байна. Тодруулбал өнөөдөр /07.01/-нд өглөө 07:00 цагт цахим борлуулалт нээгдсэн ч 8 цаг гэхэд дуусжээ.
Бид энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалангаас тодрууллаа.
- Өнөөдөр баяр наадмын тасалбар худалдаанд гарсан даруйд зарагдаж тодорхой тооны иргэд авч чадсан ч дийлэнх нь авч чадаагүй талаарх гомдол сошиал орчинд их байна.
Төв цэнгэлдэх хүрээлэн нь өдгөө 12 мянган хүний суудалтай ч анх 6000 хүний багтаамжтай байсан. Үзэгчдийн явдаг зурвас дээр суудал байршуулж суудлын тоог нэмсэн гэсэн үг. Энэ жил 12 мянган суудлынхаа тоог бууруулж стандартаа мөрдүүлэх гэсэн боловч нэгэнт оройтсон буюу жилийн өмнө жуулчдаасаа захиалга аваад, билетээ зарчихсан аялал жуулчлалын компаниудын эсэргүүцэлтэй тулгарсан тул суудлын тоог бууруулах боломжгүй болсон. Харин дундын шийдлээр буюу хол байсан явган зурвасыг ойртуулж эгнээ бүрд шинээр гаргаж өгсөн. Ингэснээр суудлаас явган зурвас хүртэлх зай ойртсон гэсэн үг. Харин суухад урагшаа өвдөг тулдаг асуудал хэвээрээ юм.
Нийслэл хотын хүн амын тоо бараг 2 сая руу дөхөхөөр болсон. Гэтэл 6000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн мэдээж хангалтгүй. Энэ асуудлыг шинээр цэнгэлдэх хүрээлэн барьж байж л шийдэх боломжтой.
- Шагийн гэж нэрлэгддэг тасалбар дамлаж хэт үнэтэй зардаг хууль бус үзэгдлийг хэрхэн бууруулах боломжтой вэ?
- Наадмын тасалбар 52,500₮-157,500₮-ийн хооронд зарагдсан. Шагчдын асуудал болон тасалбар авч чадаагүй үлдсэн иргэд, захиалгын системийг хэрхэн хөгжүүлсэн гэх мэт асуудлаар НЗДТГ-аас албан мэдээллийг өнөөдөр хүргэх байх.