Анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт хоёр жилийн хугацаатай хорих ял оноолоо
УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн гурав дахь удаагийн анхан шатны шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр боллоо.
Шүүгдэгч Б.Энх-Амгалан нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдод нөлөөлсний улмаас үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч З.Энхболд нь Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байхдаа улс төрд нөлөө бүхий этгээд болох Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлөн, түүний үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцов.
Ийнхүү шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг Эрүүгийн хуулийн 22.1.3-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэлээ.
Шүүгдэгч нарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Энх-Амгалангийн цагдан хоригдсон 167 хоногийг эдлэх ялд оруулж тооцохоор болов. Харин нийтийн албанд томилогдох эрхийг хасах шийтгэлийг хорих ял эдэлж дууссан дараах хоногоос тооцож эхлэх аж.
Мөн Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж, цагдан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.







