Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны ГХГ-ын дарга Лю Хайшинтай уулзлаа
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд айлчилж байна. Тэрбээр ХКН-ын Төв хорооны ГХГ-ын дарга /сайд/ Лю Хайшинтай өнөөдөр /2026.03.24/ уулзав.
ХКН-ын урилгаар намын даргын хувиар анхны айлчлалаа мөнхийн хөрш БНХАУ-д хийж буйдаа баяртай байгаагаа Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал илэрхийлэв.

Энэхүү айлчлал нь 105 жилийн түүхтэй хоёр нам хоорондын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, намын салбар байгууллага хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Түүнчлэн Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжлийн 15 дугаар таван жилийн төлөвлөгөө амжилттай батлагдсантай холбогдуулж, Монголын тал ирэх таван жилд хоёр улс харилцан ашигтай, хамтын ажиллагааны зарчмын хүрээнд сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, байгаль орчин, карбон зах зээл, дижитал эдийн засаг зэрэг шинэ салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

ХКН-ын Төв хорооны ГХГ-ын дарга /сайд/ Лю Хайшин хэлэхдээ Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралыг ХКН-ын урилгыг хүлээн авч намын даргын хувиар анхны гадаад айлчлалаа Хятад Улсаас эхэлж, хөрш орнуудын харилцаа, хамтын ажиллагаанд Монголын тал өндөр ач холбогдол өгч буйд талархал илэрхийлэв.
ХКН, МАН хоорондын уламжлалт найрсаг харилцааг шинэ цаг үед шинэ агуулгаар тасралтгүй баяжуулж, хоёр намын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд намын залуучууд, эмэгтэйчүүд, ажилчдын эвлэл зэрэг салбар байгууллага хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Мөн тэрбээр хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын тохирсон ажлуудыг урагшлуулж, улс орон, ард түмэндээ ээлтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хоёр нам намын зүгээс бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллах нь чухал болохыг онцолж, Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжлийн 15 дугаар таван жилийн төлөвлөгөө нь хоёр улсын хамтын ажиллагаанд олон шинэ боломжийг авч ирж буйг танилцуулав.
Талууд мөн олон улсын тавцан дахь улс төрийн намуудын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.





Leader 




