Ниргэсэн хойно нь хашхирахгүйн тулд эрсдэл өндөртэй шатахуун түгээх станцуудаа яаралтай нүүлгэе
-2023.01.23-ны НИЙТЛЭЛИЙГ ДАХИН НИЙТЛЭВ-
Шатахуун түгээх станц(ШТС) барих норм дүрэм, стандарт гэж бий.
Тухайлбал, олон нийтийн барилгаас 25-80 метр зайд барих ёстой. Гэвч энэхүү стандартыг бүгд мөрдөж байгаа эсэх нь эргэлзээтэй. Ердөө нэг жишээ татахад Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн хашаанд тулгаж ШТС барьсан нь олны анхаарлын төвд орсон юм.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсандаа “ШТС ямар нэг объектоос хамгийн багадаа 500 метрийн зайтай байх ёстой. Сургуулийн хашаанд тулгаж барих нь аюултай. Бүх сургууль, цэцэрлэгийн газрын тооллого хийж, хил хязгаарыг тогтоож баталгаажуулсан. Цаашид сургууль, цэцэрлэгийн ойролцоо байгаа ШТС-ын жагсаалтыг гаргаж, цэгцлэх ёстой” гэж бичиж байв.
Хоёр сар орчмын өмнө Дархан-Уул аймагт шатахуун агуулах нөөцийн сав дэлбэрсний улмаас гурван ажилтан нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан нь ШТС-ын стандартыг хангуулж, үйл ажиллагаанд нь тавих хяналтаа сайжруулах ёстойг сануулсан билээ.
Хэдийгээр манай улсад анх удаа газрын тосны бүтээгдэхүүн агуулах сав дэлбэрсэн нь энэ боловч ШТС-ын зөрчил, дутагдлын хажуугаар нь чимээгүй өнгөрвөл ирээдүйд учрах хор уршгийг л нэмэгдүүлнэ.
Хүн амын нягтаршил, хэт төвлөрлөөс шалтгаалж, ШТС-ууд галын аюулгүйн норм дүрмээ зөрчих тохиолдол цөөнгүй. Тиймээс бид ШТС-уудад хийдэг хяналт шалгалт, стандарт норм болоод хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг тоймлон хүргэж байна.
“ОЛОН НИЙТИЙН БАРИЛГААС 25-80 МЕТР ХҮРТЭЛХ ЗАЙНД ШТС БАРИХ ЁСТОЙ"
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа барилгын норм ба дүрэмд ШТС-ын барилга байгууламжийг ямар тооцооллоор хэрхэн барих тухай нарийн заасан байна.
Байршилд тавигдах шаардлага
- Тухайн орон нутгийн салхины зонхилох чиглэлийг үндэслэн орон сууц, үйлдвэрлэлийн болон олон нийтийн барилга байгууламжийн салхины доод талд байрлуулах
- ШТС-д ослын улмаас шатахуун асгарсан тохиолдолд ШТС-ын эзэмшлийн газраас гадагш тархахгүй байхаар төлөвлөх
- Хувийн гарааш ба автомашины ил зогсоолоос 18-30 метрийн зайд
- Орон сууц, олон нийтийн газар барилгаас 25-80 метрийн зайд
- Ерөнхий сүлжээний төмөр замаас 25-30 метрийн зайд
- Худалдааны ТҮЦ, мухлагуудаас 20-25 метрийн зайд
- Хатуу түлшээр галладаг байрнаас 50-150 метрийн зайд барих ёстой ажээ.
Сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж нь олон нийтийн газарт тооцогдох учир энэ хэмжээг мөрдөх шаардлагатайг албаныхан хэлж байв.
БНСУ-д одоо мөрдөж буй дүрэм журмын дагуу олон нийтийн барилга байгууламжаас 60 метрээс холгүй зайд ШТС барих ёстой аж. Харин АНУ-д шинээр барьж байгаа ШТС-ыг сургууль, эмнэлгийн байгууламжаас 50 метрээс багагүй зайд барих шаардлагатай.
Руандагийн Бүгд Найрамдах Улсад сургууль, сүм хийд, нийтийн номын сан, эмнэлэг, олон нийтийн үйлчилгээ гэх мэт газраас хамгийн багадаа 100 метрийн зайд ШТС барих нормыг мөрддөг байна.
Танай гэрийн, ажлын эсвэл хүүхдийн тань сургууль, цэцэрлэгийн хажууд үйл ажиллагаа явуулж байгаа ШТС байршлын шаардлага хангасан эсэхийг энд дарж харах боломжтой.
Мөн Стандарт, хэмжил зүйн газраас гаргасан ШТС-ын ерөнхий шаардлагыг 2013 онд баталсан байдаг. Гэвч уг баримт бичигт "Зэргэлдээ орших барилга, байгууламж, хүн, мал, амьтан, эд хөрөнгө, байгаль орчинд болзошгүй ослын үед сөрөг нөлөөлөлгүй байхаар тооцож, техник, технологийг сонгон ШТС-ыг байгуулна" гэснээс өөр нарийн шаардлага алга.
"НОРМ, ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ"
19 жилийн өмнө Хот байгуулалтын норм, дүрэмд ШТС-ын байршлыг тодорхой тусгаж, олон улсад мөрдөж байгаа стандартад нийцүүлэн баталжээ.
Тухайн үед баталсан норм, дүрмийг одоо шинэчлэх шаардлагатайг Хот төлөвлөлт, хөгжлийн газрын Хот төлөвлөлт, хөгжлийн газрын дарга Д.Хан-Уул хэлж байв.
Тэрбээр "2004 онд баталсан "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" БНбД 30-01-04-ийн 6.38 дахь хэсэгт Шатахуун түгээх газрын цэнэглэх хошуу бүрд 1,200 авто машин ногдохоор тооцож төлөвлөнө гэж заасан байдаг. "Шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм" БНбД 21-07-14-ийн хүснэгт 1 дээр заасан зэргэлдээ орших барилга байгууламжийн зай хэмжээг мөрдүүлэн ажилладаг" гэв.
Хот төлөвлөлтийн нормд зааснаар тухайн суурин газарт зорчиж байгаа авто тээврийн хэрэгслийн тооноос хамаарч тэр хотод байх ШТС-ын тоо хэмжээг тогтоодог аж.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 676,974 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Хоёр жилийн өмнө 70-80 орчим ШТС-тай байхад 600,000 орчим тээврийн хэрэгслийг шатахуунаар бүрэн хангах боломжтой гэсэн тооцоо гарсан байдаг.
Гэвч АНУ-д 5,000 хүнд нэг ШТС ногдуулж тооцдог байна. Энэ жишгийг дагавал манай хотод 280 ШТС байх ёстой бөгөөд зохист хэмжээнээс хэтрээгүй гэж үзэх үндэслэлтэй.
2022 оны эцсийн байдлаар Хот төлөвлөлт, хөгжлийн газарт нийт 2,010 өргөдөл гомдол ирсэн байна. Үүнээс ШТС-тай холбоотой гомдол нийт өргөдлийн нэг хувийг эзэлж байжээ.
Бид Хотын стандарт, хяналтын газраас нийслэл дэх ШТС-уудад нэгдсэн шалгалт хэзээ хийх талаар тодруулахад “Уг хяналт, шалгалтын асуудал яригдаж байгаа ч тодорхой хугацаа заагаагүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсантай холбогдуулан 53 албан хаагчаар нэмэгдсэн. Удахгүй шалгалтын ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байна” гэсэн тайлбар өгөв.
"ШТС БАРИХЫГ ХОРИГЛОХООС ИЛҮҮТЭЙ БАЙРШЛЫГ НАРИЙН МӨРДӨХ ЁСТОЙ"
Харин Нийслэлийн Засаг даргын Захиргаа, Хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Ойрын хугацаанд ажлын хэсэг гаргаж, стандарт норм, дүрмийн хэрэгжилт ямар түвшинд байгаа талаар нэгдсэн хяналт шалгалт хийхээр болсон. Сургууль, цэцэрлэг, олон нийтийн байрны ойролцоо барьж, галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй газруудад хуулийн дагуу арга хэмжээ авна.
Зөрчлийн хэлбэр, шинж чанар нь харилцан адилгүй. Тэгэхээр тухайн хяналт шалгалтын үр дүнд ямар зөрчил арилах боломжтой, ямрыг нь арилгах боломжгүй эсэхээс шалтгаалан тусгай зөвшөөрлийг цуцлах, нүүлгэн шилжүүлэх зэрэг хариуцлагын арга хэмжээ авна. Цаашид ШТС барихыг хориглох гэхээсээ илүүтэй байршлын асуудлыг нарийн мөрдөх ёстой" гэсэн юм.
Ард иргэдийн зүгээс 14 дүгээр сургуультай гомдол их байгаа учраас нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй гэдгийг Д.Мөнх-Эрдэнэ нэмж хэллээ.
Тэгэхээр Хотын стандарт, шалгалтын газраас нэгдсэн шалгалт явуулсны дараа зөрчилтэй байгаа ШТС-уудад хариуцлага тооцно гэсэн үг. Гэхдээ хэзээ шалгалтын ажлаа эхлүүлэх нь тодорхойгүй хэвээр байна.
"ШАТАХУУН ДАХЬ ХАР ТУГАЛГА НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД АСАР ИХ ХОР УРШИГТАЙ"
Тухайлбал, "Шатахуун нь мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлөхийн зэрэгцээ тодорхой хэмжээнд хорт хавдар үүсгэж болзошгүй бодис агуулдаг" хэмээн "Ногоон титэм" байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч, химич Б.Алтангадас хэлсэн юм. Түүнчлэн тэрбээр "Шатахууны орц найрлагад хар тугалгыг нефтийн гаралтай нэмэлт бүтээгдэхүүн болгож хольдог.
Сүүлийн жилүүдэд манай улсад нийлүүлж байгаа шатахуунд хар тугалгын агууламж байхгүй гэж ярьдаг. Гэтэл судлаачид замын хажуудах хөрснөөс дээж аваад үзэхэд хар тугалгаар бохирдсон нь тогтоосон.
ДЭМБ-аас хар тугалгыг нийгмийн эрүүл мэндэд хамгийн ихээр заналхийлдэг бодис болохыг нь баталсан. Энэхүү бодисоор хордсон хүүхдийн оюун санаанд нь доголдол үүсэж, түргэн ууртай болох улмаар гэмт хэрэг үйлдэх эрсдэлийг ихэсгэх хоруу чанартай" гэв.
Гаднын орнууд 1920-иод оноос эхлэн тээврийн хэрэгслийнхээ эдэлгээ, хөдөлгүүрийн ажиллагааг сайжруулахын тулд шатахуундаа хар тугалга хольдог болжээ. Гэвч хар тугалга нь хүүхдийн тархи, зүрх судас, ходоод, өсөлт зэрэгт асар их сөргөөр нөлөөлдөг болохыг олон судалгаагаар баталсан байдаг. Үүний улмаас 1986 оноос хойш АНУ хар тугалгатай шатахуун хэрэглэхийг албан ёсоор хоригложээ.
Хэрэв одоо хүртэл манай улс хар тугалгад суурилсан шатахуун оруулж ирдэг бол бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, удмын санд асар ихээр заналхийлэх хэмжээнд хүрэх нь.
Бусдын хүүхдийн аюулгүй орчинд сурч, амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа ШТС-ын цаана бизнесийн эрх ашиг хөндөгдөж байдаг. Тиймээс холбогдох эрх бүхий байгууллагууд яаралтай хяналт, шалгалт явуулж, хариуцлага тооцох, эрсдэл өндөр байгаа ШТС-аа нүүлгэх нь хамгийн зөв шийдэл болоод байна.