ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгалаа
ОХУ-ын засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний экспортод тавьсан хоригоо 2027 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар, шинэчилсэн хориг наймдугаар сарын 1-нээс ирэх оны нэгдүгээр сарын 31 хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Энэ оны эхээр хэрэгжиж эхэлсэн экспортын хязгаарлалт долоодугаар сарын 31-нд дуусахаар байсан юм.
ОХУ өмнө нь тусдаа тогтоолоор онгоцны түлшний экспортыг хориглосон бөгөөд уг хориг энэ оны арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэхээр байна.
Шинэ шийдвэрийн хүрээнд зарим төрлийн экспортод онцгой нөхцөл үйлчилнэ. Тодруулбал, есдүгээр сараас эхлэн шатахуун үйлдвэрлэгч боловсруулах үйлдвэрүүд дизель түлш, усан онгоцны түлш болон газойлыг экспортлох боломжтой хэвээр байх болно. Тэр дундаа засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээний нийлүүлэлт болон хүмүүнлэгийн тусламжийн ачилтууд хоригт хамрагдахгүй. Тиймээс Монгол Улс хоригт хамаарахгүй гэж үзэж байна.
ОХУ-ын шадар сайд Александр Новак өнгөрсөн амралтын өдрүүдэд бензиний экспортын хоригийг сунгана гэж мэдэгдэж байсан ч тухайн үед зөвхөн энэ оны эцэс хүртэл үргэлжилнэ гэж мэдээлж байв.
Оны эхнээс хойш ОХУ-д бензиний дундаж үнэ 19 хувиар өссөн бөгөөд долоодугаар сарын 27-ны байдлаар нэг литр бензиний улсын дундаж үнэ 77.89 рубльд хүрээд байна.
Мөн ургац хураалтын ажлыг дэмжих зорилгоор засгийн газар газрын тосны компаниуд болон бүс нутгийн захиргаадын хооронд шууд гэрээ байгуулж, арваннэгдүгээр сарын 1 хүртэл тариаланчдад шатахууны нийлүүлэлтийг нэн тэргүүнд хангах шийдвэр гаргажээ.
ӨВӨР БАЙГАЛЫН ХЯЗГААР МОНГОЛООС ДИЗЕЛЬ ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
ОХУ-ын дотоодын шатахууны хангамжид хүндрэл үүсэж, зарим бүс нутагт дизель түлшний хомсдол нүүрлэсэнтэй холбоотойгоор Алс Дорнодын холбооны тойрогт багтдаг Өвөр Байгалын хязгаар Монгол Улсаас түлш худалдан авах хүсэлт гаргажээ. Тодруулбал, Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуягт хандан Өвөр Байгалын хязгаарын Нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, орон зайн төлөвлөлт, хөгжлийн сайд В.С. Эксузян албан бичиг илгээсэн байна.
Уг албан бичигт, Өвөр Байгалын хязгаар Монгол Улсаас автомашины түлш худалдан авах сонирхолтой байгааг илэрхийлээд, энэ чиглэлээр найдвартай хамтрагч байгууллага олоход дэмжлэг үзүүлэхийг хүсжээ. Мөн шаардлагатай мэдээллийг хавсралтаар хүргүүлсэн бөгөөд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон байна.
Энэхүү хүсэлт нь ОХУ шатахууны дотоодын зах зээлээ тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний экспортод тавьсан хоригоо 2027 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргасны дараа гарч буйгаараа анхаарал татаж байна.








