"Роснефть"-д тонгоруулсан Г.Дамдинням 2028 он хүртэл монголчуудыг шатахуунд дугаарлуулна
Монгол Улс өнөөдөр ОХУ-аас 1.5 тэрбум ам.долларыг зөвхөн бензин шатахуун импортлоход зарцуулж, 2.5 тэрбум ам.доллароор тус улсаас бараа, бүтээгдэхүүн импортоор худалдан авч байна.
Энэ дүн ОХУ-ын бусад улс орнуудтай хийдэг худалдааны эргэлтийн хажууд мэдээж өчүүхэн дүн. Гэвч манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын 98 орчим хувь нь ОХУ-аас хамааралтай.
2025 онд ОХУ-ын төрийн өмчит Роснефть компани манай улсын Чингис хаан нисэх онгоцны буудлын агаарын хөлгийн түлш цэнэглэх цогцолборыг барих, багадаа 15 жил эзэмших асуудлыг Засгийн газар хоорондын хэлэлцээ нэрээр зүтгүүлсэн юм.
Роснефть манайд 2009 оноос 16 жилийн турш онгоцны түлш борлуулан, нийлүүлж байгаа бөгөөд цаашид шинээр баригдах цогцолборт ийн үргэлжлүүлэн тус компани 75 хувийг нийлүүлж орж ирэх сонирхлоо 2022 онд манай талд анх гаргаж байсан юм. Оросын талаас уг саналаа гүйцэлдүүлэхийн тулд хэлэлцээний гэрээндээ цаашид шатахуун тасалдахаас сэргийлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гэдэг тайлбар зүүгээд буй.
Уг асуудлыг 2025 оны 4-р сард Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэхэд тухайн үед салбарын сайд нь хойшлуулах санал гаргасан бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дэмжээгүй. Ингээд үүний араас Засгийн газар огцрох зэрэг процесс явж, гацсан.Удалгүй шатахууны үнэ 200 төгрөгөөр өссөн нь бодит үйл явдал юм.
Роснефть Монголын агаарын хөлгийн шатахууны нийлүүлэлтэд дангаар монополь бөгөөд дээрх хэлэлцээрийг батлахын тулд хариуд нь АИ-92 төрлийн газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлнэ гэдэг заалтаар "барьцаалсан". Ийн яван явсаар Н.Учралын Засгийн газар, Г.Дамдиннямыг салбарын сайд хийх үед дахин орж ирж, улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн юм.
Өмнө нь “Роснефть” компанийн зүгээс манайх руу нийлүүлдэг шатахууныг хэд хэдэн удаа тасалдуулахад хүрсэн тохиолдлын нэг нь Монгол руу нийлүүлэлт хийдэг Ангарскийн үйлдвэр засвар хийж байгаа гэх шалтаг, 2022 оноос хойш тус улсын Украинтай хийж буй дайны нөхцөл байдлаас үүдэж шатахууны экспортдоо хориг тавьсан хэдий ч тогтвортой нийлүүлэх гэрээний үүргээ бүрэн хүлээдэггүй.
2024 оны 9-р сард манай улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин айлчлах үеэрээ “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан бөгөөд уг хэлэлцээрийн дагуу манай улсад түлш, шатахууныг тогтмол тасралтгүй худалдах, худалдан авах үүргийг талууд хүлээсэн байдаг.
Гэтэл өнөөдөр Орос дотооддоо хомсдол үүссэн нэрийдлээр хил үнийг ч нэмсээр байгаа нь манайд шууд нөлөөлж буй. Монгол Улс ердөө 30 хоногийн шатахуун нөөцөлсөөр ирсэн нь эрэлтийг дагаад нөөцийн савтай болохоос аргагүй гэдэг тайлбарыг Г.Дамдинням сайд ярьж, шатахуун импортлогч ААН-үүдэд Монголбанкнаас репо зээл гаргуулж, олгосон. Уг шатахуун нөөцлөх сав нь 2028 онд ашиглалтад орох бөгөөд тогтмол нийлүүлэлтийн хэрэгцээгээ ОХУ-аас хангаж чадахгүй буюу Роснефть гэдийсээр энэ хүрсэн тул өнөөдөр салбарын сайд нь Хятад, БНСУ-ыг бараадаж явна. Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж, Ормузын хоолой хаагдахад Хятад улс хамгийн том хохирол амсаж, 3-р сард шатахууны экспортоо шууд зогсоосон.
Дотоодын шатахууны хомсдолоос сэргийлсэн энэ шийдвэр нь манай улсад ч мөн шатахуун экспортоор нийлүүлэх боломж бага гэсэн үг. ОХУ 2026 оныг дуустал шатахууны экспортын хоригоо сунгасан бөгөөд хэдийгээр манай улсад үйлчлэхгүй гэдэг ч хил үнийг нэмэгдүүлсээр байгаа. БНСУ болон Хятадаас манайх өндөр дүнгээр газрын тосны бүтээгдэхүүн импортлохдоо хүрвэл Оросын талаас нийлүүлэлтийн захиалгыг багасгана гэх айдас салбарын сайдад бий. Өнөөдрийг хүртэл Оросын талын хэлсэн үнэ, хэмжээг л авч ирсэн манай улсад Роснефть салбарын сайдаар нь дамжуулж зорилгоо биелүүлчихээд, өнөөдөр манайд литр бензин ч илүү өгдөггүй.
Гэрээний үүргийг нь сануулж, Оросын өөдөөс дуугарах бөх зүрхтэй нэг ч хүн Н.Учралын танхимд байхгүй.
Ийн харвал Монголчууд нөөцийн сав 2028 онд ашиглалтад орох хүртэл шатахуундаа дугаарлана гэсэн үг.
Т.БАТСҮРЭН /EGUUR.MN/








