Тэрбээр "Монгол Улсын хувьд хөдөө аж ахуй суурьтай орон. Усны асуудлаас үүсэлтэй цөлжилт, ган гачиг болж байна. Монгол Улс бол хөгжлийн гарцаа аж үйлдвэрийн бодлогоор тодорхойлж байгаа. Ган болон зэс хайлуулах үйлдвэр, нүүрсний гүн боловсруулалт хийх зэрэг бүх аж үйлдвэрийг усгүйгээр явуулах ямар ч боломжгүй. Мэдээж ан амьтан, хүний эрүүл мэндтэй холбоотой маш олон асуудал бий. Энэ асуудалд Засгийн газрын байр суурийг тодорхойлж, нэгдсэн бодлого маань ямар байх вэ, дэлхийн улс орнууд хэрхэн цөлжилттэй тэмцэж, усны нөөцөө бүрдүүлж байна вэ гэдэг асуудлыг хэлэлцэж байна. Тэр утгаараа сая монгол орныхоо онцлогт тохируулан "Хөх морь" төслийг танилцууллаа. Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл их учраас усны асуудлууд тулгамдаж байна. Тиймээс хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлэхээр санаачилж байгаа. Усны эх үүсвэрээ үр ашигтай зарцуулж, нөөцөлж, хадгалах шаардлагатай. Усаа ариг гамтай ашиглах тал дээр ард иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар нь том зургаар нь асуудлыг харах хэрэгтэй. Анх 1995 онд Стандартын тухай хуулийг Монгол Улсад баталж байсан бөгөөд 2017 онд тодорхой нэмэлт өөрчлөлтийг хийж байсан. Сая Засгийн газар энэ хуулийг шинээр дахин боловсруулж, хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн шинэчлэлээр устай холбоотой хуулийн зохицуулалтыг тусгаж, ялангуяа аж үйлдвэрийн салбарт усны хэрэглээ, ашиглалт, боловсруулах стандартыг шинэчлэн батална. Мөн хариуцлагын тогтолцоог шинэ түвшинд гаргана" гэсэн юм.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Ган тэсвэрлэх чадварын асуудлаарх сайд нарын хоёрдугаар хурлаар үргэлжилж байна. Өнгөрсөн 2000 оноос хойш дэлхий даяар гангийн давтамж 30 хувиар нэмэгдэж, хүний амьдрал, амьжиргаа, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдэж байна. Монгол Улсын хувьд нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн бөгөөд ган, зуд, үер зэрэг уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэл нэмэгдэж буй энэ үед эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, урьдчилан сэргийлэх чадавх, эрсдэлийн санхүүжилтийг бэхжүүлэх, ландшафтын усны хадгалалтыг сайжруулах шаардлагатай. Монгол Улсын Засгийн газраас гадаргын усыг хуримтлуулах “Хөх морь” санаачлагыг дэвшүүлэн ажиллаж байна. Уг хөтөлбөр нь шар усны үер, зуны хур тунадасны илүүдэл усыг хуримтлуулах усан сан, хиймэл нуур, даланг байгуулж, гол мөрөн, булаг шанд, цөөрмийг сэргээх, говийн бүсийн ундны усыг хамгаалж, цэвэршүүлсэн ус ашиглаж, гүний усны менежментийг сайжруулах юм.