"Барилгынхаа 50-аас дээш хувийг барьснаар иргэдээс захиалга авдаг болгоно"

"Барилгынхаа 50-аас дээш хувийг барьснаар иргэдээс захиалга авдаг болгоно"

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2026.08.06/ боллоо.


Компаниуд барьж дуусаагүй барилга дээр гэрчилгээ авч улмаар банк санхүүгийн байгууллагаас зээл авдаг. Эцэст нь зээлээ төлж чадахгүй, барилгаа дуусгаж чадахгүйд хүрдэг. Ингээд иргэд хохирдог. Тэгээд иргэдийн хохирлыг барагдуулдаггүй. Дээрээс нь газар болон үл хөдлөхийн маргаанаас болж иргэд хохирдог явдал өсөж байна. Мөн иргэд захиалга өгсөн байрныхаа явцын талаарх мэдээллийг олж авч чаддаггүй, мэдээллээр хангахгүй байна. Тиймээс Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу хууль хяналтын байгууллагатай хамтран хэд хэдэн зохион байгуулалтыг хийнэ гэдгийг Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан хэлэв. Тэрбээр, "Энэ ажлын хэсэгт хохирогчдын төлөөлөл орж ажиллана гэдгээ хэлж байгаа. Цаашдаа иргэд орон сууцын захиалга өгснөөр хохирохгүй байх боломжийг хууль эрх зүйн талаас нь илүү тодорхой болгоно. Мөн дуусаагүй барилгад гэрчилгээ гаргаж өгөхгүй, хөрөнгө санхүү нь тодорхой, санхүүгийн эрсдэлгүй, туршлага, ААН иргэний өмчлөл зэргийг илүү нарийн гаргаж тодорхой болгож өгнө" гэдгийг хэлэв.

ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГ БУУРУУЛАХЫН ТУЛД ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны сайд Э.Бат-Амгалан:

-Орон сууцны залиланд өртсөн олон иргэн хандсан. Өнгөрсөн тавдугаар сарын 1-30-ны хооронд судалгаа явуулсан. Өргөдлийн байнгын хороонд нэг сарын хугацаанд 44 аж ахуй нэгжийн 52 орон сууцны төслийн гомдол мэдээлэлд судалгаа хийсэн. Ингэхэд дийлэнх нь 2 жилээс дээш хугацаагаар хохирсон иргэд байсан. Газрын маргаан, санхүүгийн хямралаас ААН төслөө дуусгадаггүй, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас гээд олон хүчин зүйлээс шалтгаалж иргэд хохирч байна. Тиймээс орон сууцны захиалгаас болж олон иргэд хохирч байгаа учраас холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Улмаар ажлын хэсэг байгуулагдсан. Барилгын төслөө эхлэхдээ иргэдээс шууд авдаг байсныг болиулна. Тодруулбал, барилга барьж буй аж ахуй нэгж, компаниуд тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авах зохицуулалтыг барилгын хуульд оруулж өгч байгаа" гэлээ.