Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо.
УИХ-ын дарга Н.Учралын хаврын чуулганыг нээж хэлсэн үгнээс онцлох зүйлсийг тоймлон хүргэж байна.
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган онцгой цаг үе, нөхцөл байдалд эхэлж байна. Нэгдүгээрт, 2024 оны сонгуулиар таван нам, эвсэл, нийгмийн сонирхлын олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа энэ хаврын чуулганаар талдаа орлоо. Үлдсэн цаг хугацаанд өндөр хариуцлагатай, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллахыг Та биднээс цаг хугацаа шаардаж байна.
Хоёрдугаарт, дэг журам нь сулран ганхаж, төмөр хөшиг ахин татагдаж, хүчний туйл нь өөрчлөгдөж байгаа дэлхийн цаг төрийн ээдрээ, геополитикийн зөрчил мөргөлдөөн, дайн байлдаан, тээвэр ложистикийн хямрал, эрчим хүч, энергийн хомсдолын шинэ сорилтуудтай дэлхийн Монгол Улс тулгарч байна. Далайд гарцгүй, цөөн түүхий эдээс хамаарсан экспорт, түлш шатахууны хараат байдалтай орны хувьд уулын цаана уул, улсын цаана улс буйг харж, үндэстний эв нэгдэл, язгуур эрх ашгаа эрхэмлэн дээдэлж, сөрөн тэсвэрлэх чадавхаа бататган, тусгаар тогтнолоо, эдийн засгийн тусгаар тогтнолоор дархлахыг хувиран өөрчлөгдөж буй дэлхийн нөхцөл байдал Та биднээс шаардаж байна. Дэлхийн цаг төрийн хурцадмал нөхцөл байдал, сорилтуудын өмнө нам, бүлгээрээ талцан хуваагдах бус гагцхүү улс орны эрх ашиг, шударга ёсон дээр суурилан эвлэлдэн нэгдэхийг цаг үе Та биднээс шаардаж байна.
Гуравдугаарт, ардчилсан парламентын дархлаа парламентын танхимаасаа эхлэн батжин бэхжиж байх учиртай. Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна. Үндсэн хуульд өргөсөн тангарагтаа үнэнч байж “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээх өв сургаалыг санаж, үлгэр дуурайлал үзүүлэхийг ардчилсан төрийн жинхэнэ эзэд, эх булаг нь болсон ард түмэн Та биднээс шаардаж байна. Иргэнээсээ илүү тусгай дархан эрх эдэлдэггүй, ил тод нээлттэй, бүтээлч, хариуцлагатай, авлигаас ангид, ардчилсан парламентын нэр хүндийг өндөрт өргөж, ард түмнийхээ итгэлийг эвдэхгүй, сэтгэлийг нь сэвтээхгүй, ямагт ёс зүйн өндөрлөг дээрээ ажиллаж, парламентын дархлаагаа хадгалан хамгаалах нь цаг үеийн шаардлага, цадиг түүхийн сургамж юм.
Дөрөвдүгээрт, нийгмийн хэрэгцээ шаардлага, нийт олны хүсэл хүлээлт дагуулсан, хурж овоорсон асуудал бэрхшээлийг тууштай, оновчтой тулж шийдэхийг Та биднээс амьдрал өөрөө шаардаж байна. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн эрүүл агаар билээ. Эрх чөлөө бол иргэн ба төрийн итгэлцлийн гагнаас юм. Үндсэн хуульд заасан хүний заяагдмал, жам ёсны үндсэн эрхийг дархлан хамгаалж, эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэхэд нь чөдөр тушаа болсон төрийн хүнд суртал, хууль журмын хийдэл давхардал, гох дэгээг тайлж “Хийе, бүтээе, хөдөлмөрлөе” гэсэн хэн бүрийн ачааг хөнгөлж саадыг чөлөөлөхийг хүслээ хясуулсан монгол хүн бүхэн Та биднээс нэхэн шаардаж байна.
Улсын Их Хурлын чуулган завсарлах үеэр миний бие Улсын Их Хурлын гишүүдийн хамт зүүн, төв, хангайн болон хойд бүсэд ажиллаж, 8,200 гаруй иргэнтэй нүүр тулан нээлттэй уулзаж, илэн далангүй харилцан ярилцлаа. Төрийн албан хаагчдын цомхотгол эзнээ, хүнээ олохгүй байна. Эмч, багш нар цалингийн нэмэгдлийн бодит биелэлт, соёл урлагийн салбарын ажилтнууд, цаг уурын албан хаагчид эзнээ, хүнээ олоогүй цомхотголын улмаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсноо ярьж байна.
Тиймээс Монгол Улсын Засгийн газар төрийн албан хаагчдын 9 хувийн цомхотголоо эргэн харж ажлын онцлог, ачааллыг зөв хуваарилан, чиг үүргийн шинжилгээг дахин хийж, эгэл жирийн төрийн албан хаагчдыг цомхотгох бус дарга нарын тоогоо цөөлөх бодлого боловсруулан ажиллах шаардлагатай байна. Монголд дарга нарын тоо нь олдож, ажил гүйцэтгэх албан хаагчид нь чиг үүрэгтээ заасан ажлаа бус нэмэлт ажлуудад дарагдан буйд төрийн албан хаагчид сэтгэл гонсгор буйгаа хэлж байна. Дарга нар ард түмнээ дээрээс нь бус дэргэдээс харж, түмэн олонд үйлчлэх үүргээ хариуцлагатай ухамсарлан ажилламаар байна. Бүдэрч унасан нэгнийг татаж босгохоос бусад тохиолдолд ард иргэдийг хэзээ ч битгий дээрээс нь харж бай хэмээх ухаант ардын мэргэн үгийг төрийн эрх барих дээд байгууллагын даргын хувьд бүх шатны дарга нарт сануулж байна.
Энэ удаагийн Улсын Их Хурлын онцгой зорилт, даалгавар бол олон улсын авлигын төсөөллийн индексээр арагшлах биш урагшилж, ахиц амжилт гаргах явдал юм. Өнөөдөр эхэлж буй хаврын ээлжит чуулганыг авлигын эсрэг эрх зүйн эрүүл орчин, хөрс бүрдүүлж, хогийн ургамлыг уг үндсээр нь арилгах хаврын тариалалт болгохын төлөө ухаан бодлоо уралдуулан мэтгэлцэхийг уриалж байна.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн хохирогчид нь Монгол Улсын иргэд юм. Авлигын хохирол бол иргэн бүрийн эдлээгүй боломж, аваагүй цалин, биелээгүй мөрөөдөл, алдарсан итгэлцэл юм. Энэ хаврын ээлжит чуулганаар хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг илрүүлэх, хураан авах, нөхөн төлүүлэх илүү ил тод, илүү хариуцлагатай, үр дүнтэй хуульчлахад бид анхаарах болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Ардчилсан орны, ардчилсан парламентын дархлааг сулруулах биш бэхжүүлэх, цаашид парламентыг илүү хариуцлагажуулах талаас нь шүүн тунгааж, иргэдийн санал бодлыг тусган олноороо хэлэлцэх учиртай.