АИ-92 литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдлээ

АИ-92 литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдлээ

Монголчуудын дунд өргөн хэрэглэгддэг АИ-92 автобензин литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдэж, 3040 төгрөгөөр зарагдаж эхэллээ. Монгол Улсын хэмжээнд үндэсний их баяр наадмын дараагаас шатахуун хомсдож эхэлсэн  бөгөөд Засгийн газраас импортыг нэмэгдүүлэх зохицуулалтыг тасралтгүй авсан ч өнөөдрийг хүртэл жолооч нар шатахуун түгээх станцын гадаа хонон өнжин дугаарласан хэвээр буй. Мөн Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэрээр АИ-92 автобензинийг энэ сарын 15-ныг дуустал 50 мянган төгрөгийн хязгаартайгаар олгох шийдвэр гаргаж, хэрэгжиж байсан юм.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “БНХАУ-аас нийлүүлэх шатахууны үнэ ОХУ-аас авч буй үнээс хоёр дахин өндөр байгаа бөгөөд АИ-95 автобензиний өөрийн өртөг литр тутамд 5600 төгрөгт хүрч байна. Одоогийн байдлаар Засгийн газрын гол зорилго нь шатахууны хангамжийг тогтворжуулах, үнийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна” гэх байр суурийг илэрхийлж байв.

Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром” нефть болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийтдээ 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ хэлцэл хийсэн билээ.

Г.ХОРОЛ