Архангай аймгийн малчид, олон улсын төлөөлөгчидтэй туршлага солилцлоо

Архангай аймгийн малчид, олон улсын төлөөлөгчидтэй туршлага солилцлоо

“Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллынхаа дөрөв дэх өдөр Архангай аймгийн Булган суманд Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил (IYRP 2026)-ийн хүрээнд зохион байгуулсан уулзалт, хэлэлцүүлэгт оролцлоо. Монголын өнцөг булан бүрээс ирсэн малчид, гадаадын төлөөлөгчид, мэргэжилтнүүд “Залуу малчны тунхаг”-ийг хэлэлцэж, санал туршлагаа солилцов.

Үүний дараа оролцогчид жилийн бусад улиралд мал оруулалгүй амрааж, зөвхөн өвөл ашиглахаар хадгалдаг бэлчээрт очиж, өвс ургамлын нөөцөө улирлын онцлогт тохируулан хамгаалдаг малчдын туршлагыг газар дээр нь үзлээ.

Аялал Булган сумын төвд үргэлжилж, оролцогчид нутгийн уламжлалт соёлын үзүүлбэр, үндэсний бөхийн барилдаан үзэн, орон нутгийн иргэдтэй уулзаж ярилцлаа.

Тухайн өдөр “Торгоны замын жингийн цуваа”-нд оролцож буй Өвөрхангай аймгийн Сант сумын II багийн Улсын аварга малчин Т.Гандэлгэртэй ярилцлага хийлээ. Тэрээр “Цөлжилт, ган, уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед Монголын малчид, мэргэжлийн байгууллагууд болон гадаад, дотоодын төлөөлөгчид нэг дор уулзан туршлага солилцож байгаа нь чухал ач холбогдолтойг онцлов. Мөн ийм уулзалт, хамтын ажиллагааг нэг удаагийн арга хэмжээ болголгүй үргэлжлүүлж, сурсан зүйлээ бодит ажил болгох нь үр дүнд хүрэх үндэс” гэдгийг хэлсэн юм.

Ийнхүү аяллын дөрөв дэх өдөр малчдын уламжлалт мэдлэг, олон улсын туршлага, хамтын хэлэлцүүлэг нэг дор огтлолцсон өдөр болж өндөрлөлөө.