АЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

АЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

Арчилсан намын дэргэдэх “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авчээ. Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 10-ны 17:00 цагт дууссан. Д.Билгүүдэй, Э.Галбадрал, С.Цэнгүүн нар энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээр албан ёсоор бүртгүүлсэн байна. Ардчилсан залуучуудын холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгох Үндэсний чуулган 2026 оны наймдугаар сарын 15-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд болно. Нэр дэвшигчид холбооны цаашдын бодлого, зорилго, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр өөрсдийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, хөгжлийн шийдлээ Үндэсний чуулганы төлөөлөгчдөд танилцуулж, сонгуульд өрсөлдөнө. Тэгвэл АЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн намтар, ажлын туршлагыг товч танилцуулъя.

ХАРЬЦАНГУЙ ТУРШЛАГАТАЙ Э.ГАЛБАДРАЛ

Нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь буюу 1980-аад оны төлөөлөл. Э.Галбадрал одоогоос арав гаруй жилийн өмнө нийслэлийн Багахангай дүүргийн АН-ын даргаар ажиллаж байсан. Сүүлд 2023 онд АН-ын дарга зөвлөх, ажлын албаны даргаар ажилласан. АН-ын засаглалын үед төрийн өмчит “Мон-Атом” компанийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирал, Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консул зэрэг алба хашиж байсан улс төрийн харьцангуй туршлагатай нэгэн. Тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуульд АН-ын жагсаалтын 21 дүгээрт бичигдсэн ч сонгогдож чадаагүй. Түүнд халаагаа өгч буй Б.Ган-Очироос эхлээд 80-аад оныхны дэмжлэг бий.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЦЭНГҮҮН

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн. Залуу үеийн төлөөлөл гэдэг шошго зүүн парламентын 2024 оны сонгуульд АН-ын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж гишүүн болсон. Хэрэв тэрбээр энэ удаагийн сонгуульд ялалт байгуулвал, УИХ-ын 2028 оны сонгуульд залуусын төлөөлөл болон дахин жагсаалтын дээгүүрт бичигдэх магадлал өндөр. Нэг талаар түүнд АН-ын дарга асан Л.Гантөмөр том дэмжлэг үзүүлсэн гэдэг. Нөгөө талаар түүний аав С.Саруулсайханы хөрөнгө, нөлөө орсон ч гэдэг. Ямартай ч сонгуулийн үеэр МАН-ын дарга, сайд нарын пи-ар, эрх баригчдын олон нийтийн сүлжээнд явуулж ирсэн компанит ажилд зүтгэдэг цэргүүдийн нэг байсан нь ил болсон. Ажлын туршлагын хувьд аавынхаа үүсгэн байгуулсан гэр бүлийн бизнес болох “Атмор” ХХК-ийн маркетингийн менежерээс ТУЗ-ийн дарга хүртэл ажилласан гэдэг намтартай. Өрсөлдөгчидтэй нь харьцуулахад АН-ын анхан болон дунд шатанд ажилласан туршлагагүй гэж болно. Тэрбээр 2023 оноос Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч,  2024 оноос Ардчилсан намын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мэдээж, АН-д том байр суурь эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл гэдэг нь түүнд жендэрийн давуу авчирч магадгүй.

АЗХ-НЫ УГШИЛТАЙ Д.БИЛГҮҮДЭЙ

Тэдний өрсөлдөгч Д.Билгүүдэйгийн хувьд ардчиллын анхдагчдын нэг гэгддэг  Д.Сүхбаатарын хүү. Тэрбээр овгоо аав болон өвөөгийнхөө нэрний нийлбэр Дарьсүхбаатар хэмээн бичдэг нь ардчилалд данстай гэр бүлийн төлөөлөл гэдгээ илтгэх гэсэн мэт. Өөрийн намтартаа  УИХ-ын гишүүний зөвлөх, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх, яамдад хэлтсийн дарга, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Үндэсний зөвлөхөөр ажиллсан. Намдаа Үндэсний бодлогын хорооны гишүүн, нийслэл болон дүүргийн Ардчилсан намын хорооны тэргүүлэгч, Ардчилсан залуучуудын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн,  тус холбооны хэрэг эрхлэх газрын дарга зэрэг сонгуульт ажлууд хийсэн гэдгээ бичсэн байна. АЗХ-ны угшилтай гэдгээрээ энэ удаагийн сонгуульд түүнд ирэх дэмжлэг тийм ч бага биш байх болов уу.

Б.БАТ /NEWS.mn/