Гаалийн ахлах байцаагч хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын 44,026 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Энэ хугацаанд 1379 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 736 хэрэг шинээр нээж, 262 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 94, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 62, Өмчлөх эрхийн эсрэг 56, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр найм, авлигын эсрэг болон эдийн засгийн гэмт хэрэг тус бүр тав, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг хоёр, Хүүхдийн эсрэг нэг гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдсэн гэж Прокурорын байгууллагаас мэдээлэв.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс тоймлон хүргэж байна.
Замын-Үүд дэх гаалийн хяналт, шалгалтын албанд хяналт, шалгалт хариуцсан гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд гаалийн бүрдүүлэлт хийдэг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, Ч, Т, Ц нараас 2026 оны хоёрдугаар сарын 17-ноос тавдугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 58,9 сая төгрөгийн хахууль авсан иргэн Б болон хахууль өгсөн дээрх дөрвөн иргэнд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэсэн заалтад үндэслэн дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-үүд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Мөн иргэн Ү нь төмөр замын өртөөний даргаар ажиллаж байхдаа нэр бүхий компанийн захирал С-тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн нэр бүхий ХХК-ийн вагоны салбар зам ашиглах ашиг сонирхлыг ханган, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, тус компанийн тээврийн менежер Ц.Г-аас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр 16 сая төгрөгийн хахууль авсан болон мөн хахууль өгсөн иргэдийг мөнгө угаах, хахууль өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шижлүүлжээ.
Б.Т нь “М…” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанийн худалдан авалтын менежер Э.Г, бизнес хөгжлийн менежер А.Б, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.С нартай бүлэглэж, өөрсдөдөө давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор компанийн тухай хууль, “М…” ХХК-ийн дүрэм, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг тус тус зөрчиж, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд 13 удаагийн 1,732,583,160 төгрөгийн худалдан авалт хийхдээ өөрсдийн хамаарал бүхий нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагуудтай зах зээлийн үнээс өндөр үнээр худалдах, худалдан авах гэрээ хэлцэл байгуулах, бараа бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй байхад төлбөрийг шилжүүлэх зэрэг арга хэлбэрээр “М…” ХХК-д их хэмжээний буюу 932,490,940 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
Бусад хэргүүдийн тойм:
- Д.Б нь Бүгд Найрамдах Турк Улсаас метамфетамины агууламжтай, "мөс" гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор цахимаар худалдан авч, олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;\
- О.А нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар А.Х-тай бүлэглэн хадгалсан, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах), 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ( Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Б.Б, М.Д, Б.Т нар нь бүлэглэн нэр бүхий хохирогчийг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглан эрхшээлдээ оруулан тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж авч явж, хүн хулгайлсан, мөн Б.Б нь хохирогчийн гар утсыг дээрэмдэж, 180 мянган төгрөгийг хохирол учруулсан, бие махбодид нь халдаж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүн хулгайлах), 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Заналхийлэх), 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Дээрэмдэх), 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Ж.П нь химийн хорт болон аюултай бодисыг ашиглах зөвшөөрөлгүйгээр 2023 оны 6 дугаар сард “этил ацетат” (ethy acetate) гэх химийн хортой бодисыг бусдаас худалдан авч, “Б….” ХХК-ийн ажилчдын байрны 2 давхарт 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Химийн хорт, аюулгүй бодисыг хууль бус эргэлтэд оруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.







