Монгол Улсыг дэлхийд сурталчилж буй ЭКСПОРТ
Монгол Улсыг дэлхийд сурталчилж буй ЭКСПОРТ
Нэмүү өртөг шингэж олон улсын стандартад нийцсэн бренд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гадаад зах зээл рүү экспортолсноор улс орон руу чиглэсэн гадаад валютын урсгал нэмэгдэж эдийн засагт тодорхой хувь нэмрийг авч ирэх нь хэн бүхэнд ойлгомжтой биз ээ. Тиймээс бид зөвхөн бусад орны түүхий эд бэлтгэгч нийлүүлэгч, импортын хэрэглэгч улс байхаас алсуураа татгалзаж жинхэнэ бүтээгч, экспортлогч улс болох нь улс эх орны нэн тэргүүний зорилт юм.
Улс эх орны хэмжээнд экспортын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь Монгол Улсад ирэх ашиг тусыг үлэмж ихээр нэмэгдүүлнэ. Тухайлбал, валютын гол орлогыг аливаа улс экспортын орлогоос голлон бүрдүүлдэг. Экспортыг нэмэгдүүлж, энэ төрлийн орлого өсөх тусам валютын нөөц нэмэгдэх онцгой ач холбогдолтой төдийгүй экспортоор дамжуулан олон улсад Монгол улсыг сурталчлан, таниулах боломжийг давхар олгож байгаа нь туйлын бахархам үйл явдал юм.
Түүнчлэн олон улсын зах зээлд, дэлхийн брендүүдтэй эн тэнцүү бизнесийн өрсөлдөөн хийснээр үндэсний компани илүү чадавхажна. Үйлдвэрлэл, сав баглаа боодол, тээвэр логистикийн хувьд ч дэлхийн улс эх орны стандартад нийцүүлснээр тухайн талбарын боловсон хүчнийг олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд мэргэшүүлж, төлөвшүүлж байдаг давуу талтай билээ.
Экспортыг зөвхөн уул уурхайгаар төсөөлж болохгүйг бид өнгөрсөн хугацаанд ойлгоод удаагүй байна. Дэлхийн шингэн хүнсний зах зээлд манай улсын “АПУ” ХК экспортын үйл ажиллагаагаа жилээс жилд тасралтгүй өргөжүүлсээр байна.
Одоогоор албан ёсоор ОХУ, БНХАУ, БНСУ, Польш, Тайланд, Казахстан зэрэг оронд бүтээгдэхүүнээ нийлүүлж улс орны хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байгаа нь сайшаалтай . Түүнчлэн ОХУ-ын Красноярск, Эрхүү хотод, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод “АПУ” ХК-ийн охин компаниуд нээгдэж олон улсын үйл ажиллагаагаа бодитоор өргөтгөсөн байна.
“АПУ” ХК-ийн экспортод гаргаж буй онцлох бүтээгдэхүүн бол, дээд сортын “Чингис хаан” бренд. Энэ бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлд борлуулагдаж буй архины төрлийн нийт бүтээгдэхүүн дундаа хамгийн өндөр үнэтэй гурван брендийн нэгд тооцогдож байна.
Тухайн бүтээгдэхүүн нь амт, чанараараа маргаангүйгээр шилдгүүдийн нэг болохыг олон улсын хөндлөнгийн экспертүүд /blind tasting/ буюу үйлдвэрлэсэн улс, брендийг нь харалгүй амталсан мэргэжилтнүүд тодорхойлжээ. Үүнийг үндэслэн олон улсын шагналд тодорхойлж, мэргэжлийн сэтгүүлүүд хүртэл тус бүтээгдэхүүнийг онцолсон байна. Тодруулбал, спиртийн төрлийн шилдэг бүтээгдэхүүнийг дэлхий дахинаа онцлон танилцуулдаг “The Spirits Business” сэтгүүлд “Чингис хаан” архийг “Mongolian Magic” хэмээн онцолжээ.
Бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд экспортлохын тулд улс орноо, соёл уламжлалаа гээд олон агуулгыг нэгэн зэрэг сурталчлан, таниулах үйл ажиллагааг “АПУ” ХК үйл ажиллагааныхаа хүрээнд хэрэгжүүлсээр байгаа нь бас нэгэн бахархам үйл явдал юм.
Тухайлбал, энэ онд Казахстаны Алматы хотод тухайн зах зээлийн харилцагч нарт зориулан “One Day of Mongolia” арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ. Тухайн арга хэмжээн дээр бренд бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна тус арга хэмжээг Монгол морин хуурын аялгуу, уртын дуучдаар баяжуулж бүрэн хэмжээний үндэсний урлагийн тоглолт үзүүлэхээс эхлүүлээд Монголчуудын өв соёлын нэгээхэн хэсэг болох сэржим өргөх ёс болон хатуу ундааг мөнгөн аягаар хэрхэн хүртдэг зэрэг өөрийн орны өвөрмөц соёлуудыг танилцуулжээ.
“АПУ” ХК-ийн экспортын аялал үүгээр дууссангүй...
БНСУ-д “Beer and Music festival”, манайхаар бол “Play time”-тэй адил том хэмжээний фестивалийг зуны турш Илсан, Бусан зэрэг 3 өөр, өөр байршилд зохион байгуулдаг. Тухайн арга хэмжээгээр дамжуулан “Алтан говь” Солонгосын зах зээлд хэдийнээ танил болоод амжжээ. Сонирхуулахад, Солонгос улсын GS25 дэлгүүр нийт 16 мянган сүлжээтэй. Үүний 11 мянгад нь манай улсын “Алтан говь” байршсан байна.
Дээр дурдсанчлан олон улсын олон арга хэмжээ, хүлээн авалт, фестиваль, шоунд “АПУ” ХК оролцон Монгол Улсаа, улсынхаа уламжлал соёлын талаарх мэдээллийг танилцуулж буй нь нэг талаас үндэсний бренд бүтээгдэхүүнүүд танигдаж алдаршиж буй боловч нөгөө талаас Монгол улсын хүнсний үйлдвэрлэлийн чанар чансааг төлөөлж буй хэрэг юм.
Аливаа бүтээгдэхүүнийг экспортод гаргаж олон улсад нийлүүлэхэд улс, орон болгоны худалдаа хил гаалийн шаардлага стандарт өөр. Хаяг, шошго, хайрцаг савнаас эхлээд бүгдийг тухайн зах зээлийн шаардлагад нийцүүлж байж, борлуулах эрх олж авна. Энэ хэрээр компанийн чадамж дээшилж, тээвэр логистик ч нэг шатанд ахиж байна.
Улс болгоны стандартад нийцэж, чанга шалгуур давж байж сая манай улсын бүтээгдэхүүн гадаадын зах зээлд гарч буй. Тиймээс экспорт бол амархан зүйл биш. Гэхдээ “АПУ” ХК-ийн ажилтнуудын мэргэшсэн байдал аль ч зах зээлд очоод гологддоггүй, компанийн боловсон хүчнүүд Hennesy, Gray Goose зэрэг дэлхийн нэр хүндтэй бүтээгдэхүүний брэнд менежерүүдтэй эн тэнцүү өрсөлдөж чадаж байгааг онцлох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл экспортын ард давхар маш олон ажилтнууд, хүмүүс хөгжиж байна.
Монгол Улсын Засгийн газраас экспортыг дэмжих, ялангуяа уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 2020 онд “Экспортлогчдын тэмдэглэлт өдөр”-тэй болох журам баталсан. Ингэснээр экспортлогчид өөрсдийн ажил мэргэжлийн тэмдэглэлт өдөртэй болж, ололт, амжилт, үр дүнгээ дүгнэн хэлэлцэж, цаашдын зорилго, зорилтоо тодорхойлдог болсон нь биднийг нэг зүгт чиглүүлж буй хэрэг юм.
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл суурь болж, нэгэн зууны турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, бараа, бүтээгдэхүүнээ дэлхийн таван орны экспортын зах зээлд нийлүүлж буй "АПУ" ХК-ийн экспортын үйл ажиллагааг онцоллоо. Монголыг дэлхийд таниулах экспортын төлөө CHEERS!.
















