Нэг салбарт хоёр бодлого хэрэгжүүлэгч төрийн данхар бүтэц биш гэж үү
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (MECC) нь Монгол Улсын Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэгч институт бөгөөд байгаль хамгаалал, биологийн олон янз байдлын бодлого, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилттэй тэмцэх, хог хаягдал (ялангуяа хуванцар), ой усны нөөц хамгаалал, агаарын бохирдол бууруулах зэрэг чиглэлээр гол үүрэг гүйцэтгэдэг. Нэг ёсондоо Байгаль орчинтой холбоотой төрөөс хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хэрэгжүүлэх, сурталчилах, уялдаа холбоог хангах үүрэгтэй. Хуулиар заасан чиг үүргийн хамрах хүрээ, хэрэгжүүлэх ажлын хамрах байдлаас нь авч үзвэл яам нь Шадар сайдын хамаарч буй үндэсний хорооноос илүү. Шадар сайдын дэргэдэх Уур амьсгалын үндэсний хорооны чиг үүрэг тэгвэл юу вэ. Тус хороо нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үндэсний бодлого, арга хэмжээг зохицуулж, салбар хоорондын уялдаа холбоог хангах, зохицуулах байгууллага юм. Өөрөөр хэлбэл нэг салбарт, нэг бодлогыг хоёр газар хэрэгжүүлээд явж байна гэж ойлгож болно. Ийнхүү Үндэсний хороо нь Төрийн институт болох яамнаасаа илүү бодлого, шийдвэр гаргах, давхардсан ажил үүрэг гүйцэтгэж байгаа нь төрийн данхайсан бүтцийн нэг хэлбэр биш гэж үү. Төр дээрээсээ цэгцэрнэ гэдэг. Тэгвэл нэг бодлогыг хэрэгжүүлж байгаа адилхан чиг үүрэг бүхий хоёрын хоёр хэн нь төрийн өмнө хуулийн хэрэгжилтийг хангах нь тодорхойгүй байдалд ороод байгаа энэ байдлыг хэзээ засч, залруулж, цэгцлэх вэ. УИХ-ын дарга Н.Учрал нэгэнтээ чиг үүргийн давхардал, яам, агентлаг, хороо, төв байгууллага, орон нутгийн байгууллагууд ижил төстэй чиг үүрэг (жишээ: хяналт шалгалт, зөвшөөрөл олгох, бодлого боловсруулах) хийж байгааг засч залруулахаа мэдэгдсэн. Мөн орон тоо, албан тушаалын давхардал нэг хүнд олон албан тушаал эсвэл төстэй чиг үүрэгтэй олон албан хаагч байхыг ч хүлцэхгүй гэж хэлсэн. Тэгвэл энэ бүхэн хэзээ ажил хэрэг болж хэрэгжих вэ. Өнөөдөр төрийн бүтцийн нүсэр байдал, байгууллагын тоо их, шат дамжлага олон байгаагаас төрийн байгууллагуудын шийдвэр удаан гарч, зардал өндөр, авилга, албан тушаалын ил, далд нөлөөлөл ард иргэдэд дарамт болж байна. Бүхнийг бид цэгцлэнэ гээд яриад л байдаг яриад л байдаг. Гэвч өнөөдөр цэгцэрсэн, давхардал арилсан, төрийн хүнд суртал энэ салбарт байхгүй болсон гээд хэлэх салбар байна уу. Шадар сайд Х.Ганхуяг яам, уур амьсгалын үндэсний хороо хоёр өөр, өөр асуудал хариуцдаг гэж мэдэгддэг. Ингэхээр тус хороо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага хэвээр байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, "Тэрбум мод" хөдөлгөөн зэрэг бодлогыг зохицуулах гол үүрэгтэй гэдэг. Бас төсөл хөтөлбөрийн асуудлыг яаман дээрээ нэгдсэн байдлаар зангидаад явна гэж зохион байгуулаад ажиллаж байна. Үнэндээ тус хороог Шадар сайд тэрбум модны хэрэгжилтийг хангах үүрэгтэй гэж өмгөөлдөг ч ой модны асуудлыг хариуцсан ойн газар гээд бүхэл бүтэн бүтэц яамандаа харьяалагдаад явдаг. Тэнд Монголын улсын хэмжээнд буй ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх гээд бүхий л асуудлыг хуулийн хүрээнд, төрийн бүтцэд багтаж бодлого хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн бүтэц бий. Ийнхүү чиг үүргийн давхцал бүхий газруудаа цэгцэлж амжаагүй байтал "Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дахь бага хурал" болох гээд байдаг. Гэтэл яам, Уур амьсгалын үндэсний хороо хоёр нь эрх мэдэл, шийдвэр, бодлогоо булаацалдаад ширээний хоёр талд учир зүйгээ олж чадахгүй байсаар л байх уу. Энэхүү ойлгомжгүй байдал, давхардал, эрх мэдэл, шийдвэр бодлогын алдаатай бүтцээ хэзээ эв зүйд нь оруулж, хуулийн өмнө, төрийн бодлогыг хэн хангаж ажиллахыг хэзээ шийдэх вэ, Монгол Улсын Ерөнхий сайдаа???







