П.Сүхбат гардигийн нэрэмжит барилдаанд М.Баасанжав түрүүлэв

П.Сүхбат гардигийн нэрэмжит барилдаанд М.Баасанжав түрүүлэв

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 80 жилийн ойд зориулсан, Монгол Улсын гарди Пунцагийн Сүхбат-ын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Тус барилдаанд аймгийн арслан Мөнх-Очирын Баасанжав түрүүлж, улсын арслан Эрдэнэсайханы Батмагнай үзүүрлэлээ.

Шийдвэрлэх барилдаанд Э.Батмагнай давхар хамж түрж хөөсөн ч М.Баасанжав зүүн талдаа дагуулж мушгиад давснаар түрүү бөхөөр тодорсон байна.

Аймгийн арслан М.Баасанжавын хувьд улс, аймгийн цолтнуудын барилдаанд анх удаа түрүүлж байгаа нь энэ юм.

Мөн тус барилдаанд улсын заан Наранбаатарын Жаргалбаяр, улсын харцага Бат-Өлзийн Цэдэнсодном нар их шөвөгт шалгарсан байна.

Барилдааны бай шагналын хувьд түрүү бөх 10 сая төгрөг, үзүүр бөх 5 сая төгрөг, их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая төгрөг, дунд шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн шагнал хүртжээ.